ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хариуцагч зөвшөөрсөн нь нэхэмжлэлийг заавал хангах үндэслэл болохгүй
2026-06-02 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2025 оны 12 дугаар сарын 03
Магадлалын дугаар: 2026 оны 03 дугаар сарын 18
Тойм бичсэн огноо: 2026 оны 05 дугаар сарын 29
Шийдвэрийн төлөв: Шийдвэр, магадлал хүчин төгөлдөр
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Маргааны агуулга: Нэхэмжлэгч “А” нь хариуцагч “Б” болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан орон сууц, авто зогсоол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, улмаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр хариуцагчийг тогтоох тухай шаардлага гаргасан.
Үндэслэлийг зохигчийн гэр бүл цуцлах маргаан хянагдаж байх үед хариуцагч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц, авто зогсоолыг бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн. Гэр бүл цуцлах үед нэхэмжлэгчид дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэгт мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч нь төлбөр төлөх боломжгүй байгаа юм. Иймд дундын эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд буцаан бүртгүүлснээр бусдад худалдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой болно гэж тайлбарласан.
Хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.
Гуравдагч этгээд нь маргаж буй орон сууц, авто зогсоолыг зохигч гэр бүл болсонтой холбогдуулан үнийг төлж, хариуцагчийн нэр дээр бүртгүүлсэн. Гэвч хариуцагч нь тодорхой шалтгааны улмаас бусдад шилжүүлэх нөхцөл үүсэх магадлалтай байсан тул буцаан шилжүүлж авсан гэж маргасан.
Шүүхийн шийдвэрийн агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх шийдлийг хэвээр үлдээсэн боловч үндэслэлийг өөрөөр тайлбарласан. Тодруулбал,
Зохигчийн гэр бүлийг цуцлах үед маргаж буй орон сууц, авто зогсоолын өмчлөх эрх бэлэглэлийн гэрээгээр бусдын өмчлөлд шилжсэн. Гэвч хариуцагч нь тухайн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан болохыг зөвшөөрснөөр, нэхэмжлэлийн шаардлагын дагуу ногдох хэсэгт мөнгөн хөрөнгө гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Тайлбарлавал, нэхэмжлэгч нь маргаж буй эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх ханган шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгч нь уг орон сууц, авто зогсоолтой холбоотойгоор дахин шаардлага гаргах эрхгүй. Учир нь тухайн орон сууц, авто зогсоолоос ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан тул өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргах эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн.
Шийдвэрийн цахим холбоос: https://shuukh.mn/single_case/228937?daterange=2025-12-02%20-%202025-12-04&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд