ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮНТЭЙГЭЭ МАРГАЛДАН ТӨМРӨӨР ЦОХИЖ ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛАВ
2026-05-14 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.04.20-ны өдрийн 2026/ШЦТ/126 шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №02, 2026.05.14
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч Б нь Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт үйл ажиллагаа явуулж буй барилгын ажлын талбайд Ц-тэй цай чанаагүй гэх шалтгаанаар маргалдан сапут төмрөөр түүний нуруу болон баруун хөлийн өвдөгний доод хэсэг рүү цохиж биед нь баруун шаант ясны ил хугарал, тойгны холбоосны урагдал, баруун өвдөгт шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн хамт ажилладаг хүнтэйгээ маргалдан улмаар түүний араас нь очиж төмрөөр нуруу болон хөл рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол санаатай гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Б -г гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан ялуудаас 13,000 нэгж буюу 13,000,000 төгрөгийн торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/135251?daterange=2025-12-22%20-%202026-05-14&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн
шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд