Шүүгдэгч Д.Б, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
2026-05-14 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.08-ны өдрийн 2026/ШЦТ/946 дугаар шийтгэх тогтоол

Тоймын дугаар, огноо: 2026.05.11 №01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг тус шүүх 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Шүүгдэгч Д.Б, Ц.М нар нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокуророос уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, уг саналыг шүүгдэгч Д.Б, Ц.М нар нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгч Д.Б, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэн шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч Д.Б, Ц.М нарын мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох 5,000,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод