ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАРИУЦАГЧИД НЭХЭМЖЛЭЛИЙН ХУВИЙГ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААР НЬ ХҮРГҮҮЛСНЭЭС ХОЙШ 7 ХОНОГ ӨНГӨРСӨН БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ХУВИЙГ ГАРДАЖ АВСАН ӨДӨР ГЭЖ ҮЗЭЖ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
2026-05-14 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.06-ны өдрийн 197/ШШ2026/11996
Шүүхийн шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2026.05.14 №03
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болoогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч ХЛ ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8,112,358 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г.Г-д оршин суугаа хаягаар нь шүүхийн мэдэгдэл хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тухай Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн тул албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг хийхэд нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
Зээлдэгч Г.Г нь зээлийн гэрээнд зааснаар оршин суух хаяг, ажлын газар, утасны дугаар солигдсон тохиолдолд зээлдүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн боловч хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүй байх тул түүнд шүүхээс И-Монголиа дахь үндэсний цахим шуудангийн хаягаар буюу иргэний бүртгэлийн дугаар бүхий 111....... @e-mongolia.mn хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, зээл авах хүсэлтэд баталгаажуулж өгсөн зээлдэгчийн өөрийнх нь хувийн цахим шуудангийн ..... @.gmail.com. хаягаар нэхэмжлэл, эрх үүрэг тайлбарласан баримтыг шүүхийн мэдэгдэх хуудасны хамт давхар илгээжээ.
Хариуцагч шүүхэд хүрэлцэн ирэх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх хариу тайлбарыг ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг И-Монголиа дахь үндэсний цахим шуудангийн бүртгэлийн дугаар болон хувийн ..@.gmail.com цахим шуудангийн хаягаар хүргүүлэхэд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд нь хэргийг хэлэлцэж зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Г-ээс 8,112,358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/246985?daterange=2026-01-01%20-%202026-05-14&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана