ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАЗАР ЭЗЭМШИХ /АШИГЛАХ/ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮР ДАГАВАР ГЭРЭЭГ ДҮГНЭСНЭЭР ҮҮСНЭ
2023-09-15 Админ Хандсан тоо: 194 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2021.09.17-ны 115/ШШ2021/0009
Тоймын дугаар, огноо: №25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: “Н” компанийн үйлчилгээ болон орон сууц барих зориулалтаар эзэмшдэг байсан газрыг захиргааны зүгээс “эзэмшил газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
“Н” ХХК нь 2019.10.24-ний өдөр сунгаж байгуулсан газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй, мөн гэрээний хугацаанд ковид-19 цар тахал гарсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг захиргаанд мэдэгдсэн байхад эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж марган, Засаг даргын 2021.06.25-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь: Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэж, хэрэв зохих ёсоор биелүүлсэн бол гэрээг үргэлжлүүлэх, харин гэрээг дүгнэх явцад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдвол захиргааны зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулагдсан байна.
Гэтэл захиргааны зүгээс “Н” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоолгүйгээр гэрээний хугацаа дуусаагүй байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус юм.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/8477?daterange=2021-01-01%20-%202021-12-13&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд