ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Алдуул малыг өөрийн мал хэмээн бусдыг хуурч мэхлэн эзэмшилдээ авсан бол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, ял оногдуулна
2026-05-08 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар магадлал
Шүүхийн шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2026.04.27, № 02
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Хохирогчийн 6 гүү нь шуурганд уруудаж яваад бусдын адуунд нийлжээ. Алдуул гүүг сүрэгтээ хураасан азарганы эзэн эдгээр зургаан гүүний зургийг авч, фейсбүүкт зар тавихад шүүгдэгч өөрийн “ардта” тамгыг үзүүлж, түүний адуу биш гэдгийг мэдсэн атлаа “миний адуу” гэж худал хэлж, хуурч мэхлэн эхний удаад 4 адууг нь “Портер” машинд ачиж, сүүлд 2 адууг нь мотоцикл унан тууж авч явсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг “Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
“Залилах” гэдэгт шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг санаатай үйлдэл бөгөөд зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл хамаардаг тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг