ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх, хэвийн аж төрөхөд саад учруулах нөхцөлийг бүрдүүлж болохгүй
2026-05-05 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2025-03-19. 320/ШШ2025/00322.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2025 оны 03 сарын 10. Шийдвэрийн тойм. Дугаар 01
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой
Нэхэмжлэгч Х.С, П.С нар нь хариуцагч Д.Д, Д.Т нарт холбогдуулан гражийн зориулалттай барилга байгууламжийг, бидний амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан тул эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох, гражаа буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч П.С, Х.С нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Д.Т, Д.Д гэх хөрш айлын гражийн дээвэр нь манай байшингийн 2 давхрын цонхтой зэрэгцээ тулгаж баригдсанаас хулгай орох нөхцөл бүрдсэн, ертөнцийн зүгээр манай байшингийн зүүн урд талын цонхыг хааж барьснаас нарны гэрлийн тусгалыг хаасан, урд талын хоёр цонхыг сүүдэрлэж үзэгдэх орчинг хаасан, галын аюулгүй байдлын норм, дүрмийг зөрчсөн, гражийн хаалга онгойлгох, хаах үед дуу чимээ ихтэй, амгалан тайван байдал алдагдуулсан Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Иймд...хөрш айлын барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох, хариуцагчид барьсан гражаа буулгахыг даалгаж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч Д.Д, Д.Т нар нь...байшингийн цонх болон нарны гэрлийн тусгалыг хаагаагүй. Нэхэмжлэгч нарын байшингийн зүүн талын хашаа нь манаачтай байдаг. Мөн камер суурилуулж, утаснаас гэрээ хянах боломжтой. Гражийн дээврийн үзүүр хэсгээр хулгайч ороод дамжих зай байхгүй. Гражид гал түлдэггүй, тог, цахилгаангүй. Гражийн хаалга хөнгөн тул дуу чимээ гарахгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын амьдарч буй оршин суугаа хаяг нэг боловч тус тусдаа эзэмшил газар болон амины орон сууцтай байна.
Нэхэмжлэгч Х.С, П.С нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох гражийн зориулалттай барилга байгууламжийг тулгаж барьснаар манай байшинд хулгай орох нөхцөл бүрдсэн, зүүн урд талын цонхыг нарны гэрлийн тусгалаас, урд талын хоёр цонхны үзэгдэх орчинг тус тус хаасан, гражийн хаалга онгойлгох, хаах үед дуу чимээ ихтэй, амгалан тайван байдал алдагдуулсан гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Харин Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм “БНбД 30.01.04”-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлагын 1-д заасан хүснэгтээс үзэхэд барилгын гал тэсвэршилтийн зэргээс хамаарч барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хамгийн багадаа 6 метр байхаар заасан норм, дүрмийг хариуцагч нар дагаж мөрдөөгүй байх тул нэхэмжлэгч Х.С, П.С нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчжээ.
Нэхэмжлэгч нарын эд хөрөнгөө эзэмших эрх, хэвийн аж төрөхөд саад учруулах нөхцөлийг, хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч буюу хариуцагч нар бий болгосон байна.
Нэхэмжлэгч нарын аюулгүй орчинд амьдрах эрх ашиг сонирхолд илтэд харшилсан, хөршийн эрх зөрчигдсөн учир тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал