ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ УУРЫН ЗУУХНЫ ГАЛЧ, МАШИНЧ НЬ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРНА
2023-09-15 Админ Хандсан тоо: 183 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.28-ны 115/ШШ2022/0043
Тоймын дугаар, огноо: 2023.03.28, №26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн З нь төмөр замын салбарт нийт 14 жил, 2 сар уурын зуухны галч, машинчаар ажиллаж байгаад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч нэг сарын дараа Нийгмийн даатгалын байгууллагаас, түүний ажиллаж байсан төмөр замын уурын зуухны галч, машинчийг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт“ дахь төмөр замын салбарын хэсэгт тусгагдаагүй тул хүнд нөхцөлд хамаарахгүй гэж үзэж, тэтгэврийг нь зогсоож улмаар олгосон тэтгэврийг нь буцаан төлөхийг шаардсан байна.
Иргэн З нь тэтгэврийг зогсоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тухайн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоон олгохыг болон тэтгэвэр зогсоосон өдрөөс хойших олгогдоогүй тэтгэврийг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллагад холбогдуулан шүүхэд маргасан.
Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Тодруулбал: Нэхэмжлэгчийн ажиллаж байсан төмөр замын уурын зуухны галч машинчийн ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын дөрөвдүгээр бүлэг дэх хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжил байхад нийгмийн даатгалын байгууллага нь уг жагсаалт дахь ажил, мэргэжлийг тухайн салбар тус бүрд хамаарахаар ойлгож, нэхэмжлэгчийн ажил, мэргэжлийг төмөр замын салбарт тусгагдаагүй гэж үзсэн нь буруу.
Нэхэмжлэгчийн хувьд түүний төмөр замын байгууллагад уурын зуухны галч машинчаар ажиллаж байсан нь дээрх жагсаалтын дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байгаа, мөн тэрээр тухайн ажил, мэргэжлээр нийт 14 жил ажилласан байх тул тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11596?daterange=2022-10-28%20-%202022-10-28&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа