ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТЭНССЭН ХУГАЦААНД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИД ЗААСАН САНААТАЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН УЧРААС ТЭНССЭН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ЯЛ ОНОГДУУЛАВ
2026-05-05 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шийтгэх тогтоолын огноо: 2026.02.27
Шийтгэх тогтоолын дугаар: 2026/ШЦТ/18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Дархан-Уулын дэргэд Ц.Б, Б.Д нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Ц.Б-ын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн “5G Gold” загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклыг зөвшөөрөлгүйгээр авч явж иргэн О.Б-д худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Шүүгдэгч Б.Д-д урьд өмнө нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно…” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Б.Өлзийхишиг