ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖ БАЙГАА ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ НЬ ШҮҮХЭЭС ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААХААР ШИЙДВЭРЛЭСЭН ШИЙДВЭРТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ, ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ
2026-05-05 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026-01-26-ны өдрийн 2026/ДШМ/08, 2026/ДШМ/09, 2026/ДШМ/10, 2026/ДШМ/11, 2026/ДШМ/12
Шүүхийн шийдвэрийн тойм № 1 , 2026-02-24
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Прокуророос шүүгдэгч И.И, Э.П, Н.Т, Б.Г, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тус хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын зүгээс тус тус үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул прокуророос тус тус яллагдагч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “…яллагдагч нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг бичгээр гаргаагүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн.
 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шүүх шууд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулах ба шүүх хуралдааны шатанд
1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,
2.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх,
3.Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх,
5.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй бол,
6.Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан бол” гэх нөхцөлүүд бий болбол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ гэдгийг тодорхой заасан.
Эдгээр нөхцөлөөс өөр үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болох тул ийм тохиолдолд хэргээ шийдвэрлүүлж байгаа хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болно.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/24152?daterange=2026-01-01%20-%202026-02-24&id=2&court_cat=2&bb=1
https://shuukh.mn/single_case/24153?daterange=2026-01-01%20-%202026-02-24&id=2&court_cat=2&bb=1
https://shuukh.mn/single_case/24154?daterange=2026-01-01%20-%202026-02-24&id=2&court_cat=2&bb=1
https://shuukh.mn/single_case/24155?daterange=2026-01-01%20-%202026-02-24&id=2&court_cat=2&bb=1 https://shuukh.mn/single_case/24156?daterange=2026-01-01%20-%202026-02-24&id=2&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс