ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗАХИРГААНЫ АКТ ХУУЛЬ БУС БАЙСАН БОЛОХЫГ ТОГТООХ БОЛОН ИЛТ ХУУЛЬ БУС БОЛОХЫГ ТОГТООСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГҮЙЦЭТГЭХ ХУУДАС ОЛГОХГҮЙ
2026-04-27 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах
Шүүгчийн захирамжийн дугаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119/ШЗ2024/0437 дугаар захирамж
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь шүүгчийн захирамжийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч “W” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож, мөн захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоож, мөн захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт, гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болсон.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолд захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох, захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоосон бол гүйцэтгэх хуудас бичихгүй гэдгийг тодорхой заасан байгаа тул гүйцэтгэх хуудас олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг