ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭГ ДҮГНЭСЭН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ГАЗАР ЭЗЭМШИГЧ НЬ ГАЗРЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
2023-09-15 Админ Хандсан тоо: 140 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002

Тоймын дугаар, огноо: 2023.05.20, №33

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Сумын Засаг дарга, газар эзэмшигч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
Газар эзэмшигч хуулийн этгээд нь Засаг даргын тус шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжилж, түүний үндэслэлээ “газар эзэмшүүлэх гэрээнд  газрын төлбөр 800,000 төгрөгийг ... банкаар дамжуулж төлөхөөр тусгасан, гэтэл тус банк татан буугдсан бөгөөд дансны өөрчлөлтийн тодруулга авахаар захиргааны байгууллагатай холбогдоход хариу өгөөгүй, төлбөр төлөхийг сануулж шаардаж байгаагүй, газрын төлбөр төлөхөд бэлэн байсан, газар эзэмшүүлэх гэрээг дүгнээгүй, шийдвэр гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал: Газрын тухай хууль тогтоомжид аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа буюу газрын нэгдмэл сангийн  ангилалд хамаарах бүх газарт төлбөр ногдуулахаар, мөн газар эзэмшиж буй аливаа этгээд нь газрын төлбөр төлөгч байхаар тус тус зааснаас гадна газар эзэмшигч нь газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь энэ үүргээ биелүүлээгүй буюу газар эзэмших эрх нээгдсэнээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх 4 жилийн хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй бөгөөд улмаар түүнийг төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй, мөн төлбөр хийх банк татан буугдаагүй байсан зэрэг нөхцөл байдлууд нь  Засаг дарга буюу захиргааны зүгээс газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнээгүй, газрын төлбөр төлөхийг шаардаж байгаагүй, шийдвэр гаргахдаа мэдэгдэх болон сонсох ажиллагаа явуулаагүй зэргээр шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн буруутай байдлаас үл хамааран газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, шалтгаан болсон байх тул Засаг даргын шийдвэр нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12148?daterange=2022-12-01%20-%202023-05-17&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа