ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМ БУРУУГАА САЙН ДУРААРАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЭТГЭЭДҮҮДИЙН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
2026-04-27 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Шийтгэх тогтоолын огноо: 2026.02.09
Шийтгэх тогтоолын дугаар: 2026/ШЦТ/14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстийн цагаан нүүр” гэх газрын ойгоос Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас олгосон 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн М2551563 дугаартай эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлж шинэс төрлийн 4.7563 метр куб мод бэлтгэж, сумын ойн санд 939,692 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь тоо хэмжээ хэтрүүлэн бэлтгэсэн модны нөхөн төлбөрийг Байгаль, орчин уур амьсгалын сан гэсэн дансанд төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаснаа илэрхийлж байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Т, Д.Б нарын хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн хэрэглээний 4 метрийн урттай 77 ширхэг мод, иргэн З.Э-ийн эзэмшлийн 00-00 ЗАН улсын дугаартай “KIA.Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 6 метр, 30 см-ын урттай цагийн ремин уяа 1 ширхэг, 2 метр, 40 см-ын урттай сур 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон алаг шар өнгийн гинжит цахилгаан хөрөөг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон алаг шар өнгийн гинжит цахилгаан хөрөө, 6 метр 30 см-ын урттай цагийн ремин уяа 1 ширхэг, 2 метр 40 см-ын урттай сур 1 ширхгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 77 ширхэг модоор хашаа барьсан, 00-00 ЗАН улсын дугаартай “KIA.Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг нь иргэн З.Э-ийн эзэмшилд байх тул тэдгээрийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан