Ойд мод бэлтгэх журмыг зөрчин зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлсийг болон үнийг нь улсын орлого болгов
2026-04-27 Админ Хандсан тоо: 5 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2026.03.02, 2025/ШЦТ/21

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Шүүгдэгч Ж.П-г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ж.П нь 2026 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг дэвсгэр “Хужирт булаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 1.204 метр куб модыг бэлтгэж Бонго пронтер маркийн 82-18 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Их-Уул сумын төв рүү тээвэрлэж сумын ойн санд 237,871 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Ж.П-д үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.

            Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.  

            Шүүгдэгч Ж.П нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.  

            Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ж.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1,204 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зөв талын чихэндээ ухам имтэй, тамгагүй, хээр зүсмийн нас гүйцсэн 8 настай 1 тооны морь, Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн хөх лаг өнгийн хөрөө, тээврийн хэрэгслийн үнэ 9,000,000 төгрөгийг шүүгдэгч Ж.П-с гаргуулж тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  П.Доржбал