ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СОГТУУРСАН ЭСЭХИЙГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ШАЛГУУЛАХААС ЗАЙЛСХИЙХ НЬ ТАНЬД АШИГГҮЙ, ТАНЫГ ХАМГААЛАХГҮЙ
2026-04-20 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2026.4.15-ны өдрийн 2026/4008/ЭХ/ЗШ/000089 дугаартай Шийтгэвэр
Шүүхийн шийдвэрийн тойм. Зөрчил №1, 2026.04.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Холбогдогч А.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодож Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд эрх бүхий албан тушаалтанд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчилд холбогджээ.
Уг зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар зүйлчлэгдэх бөгөөд “согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж хуульчлан заасан.
Шүүх уг хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, холбогдогч А.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Холбогдогч А.Ө нь мотоцикл жолоодох “А” ангиллын эрхтэй бөгөөд зөвхөн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулав.
Тайлбар: “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Тодруулбал: Эрх бүхий албан тушаалтан тусгай багажаар /Драгерь/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох бөгөөд амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувиас доош илэрвэл жолоочийг согтуурсан гэж үзэхгүй. Тиймээс шалгуулах нь зүйтэй бөгөөд зайлсхийсэн үйлдэл нь зөрчилд тооцогдохыг анхаарах нь зүйтэй.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Шүүгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ.