ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ НЬ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОНО
2026-04-20 Админ Хандсан тоо: 16 Хуваалцах
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2026.4.13-ны өдрийн 2026/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм. №1, 2026.04.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Шүүгдэгч Б.Н нь тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2026 оны 02 дугаар сарын 13-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэн, 2,67%-ийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд гэмт хэргийн шинжийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан байна.
Тайлбар:
-“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.”
-“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
-“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Шүүх уг хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Шүүгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ.