ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ШААРДАХ ХУГАЦАА ДУУССАН
2026-04-15 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.11-ны өдрийн №193/ШШ2025/01288 шийдвэр
Тоймын дугаар,огноо: №1, 2026.04.15,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Нэхэмжлэгч ХХ хариуцагч С.К , Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,245 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талуудын хооронд 2018 онд ЗГ/20184340000 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч ХХ нь 15,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн мөнгийг Э.Э-ийн дансаар шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагч Э.Э нь нас барсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.К-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
Гэвч зээлийн гэрээний 48 сарын хугацаа дууссанаас хойш гэрээг сунгасан, эсхүл үүрэг гүйцэтгэгчид гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьж, хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан, зогсоосон болохыг нэхэмжлэгч нотлоогүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж хамтран зээлдэгч болох хариуцагч С.К-д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://https://shuukh.mn/single_case/219918?daterange=2025-01-01%20-%202026-04-08&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа