ХУРЛЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ
2026-04-08 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2025/0036

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар, огноо: №03, 2026 оны 04 дүгээр сарын 03

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан эхлэхэд төлөөлөгч Б-ээс Хурлын дарга Х-г огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргаж төлөөлөгчдийн 51,4 хувь нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг дэмжин хэлэлцээд 24 төлөөлөгч буюу 72.7 хувийн саналаар Хурлын дарга Х-г огцруулж, Ш-г Хурлын даргаар нөхөн сонгосон байна.

Нэхэмжлэгч Х нь Хурлын даргыг огцруулах асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, Хурлын хороо, зөвлөлөөр урьдчилсан хэлэлцүүлээгүй, төлөөлөгч нарт урьдчилан мэдэгдээгүй, огцруулах үндэслэл нь тогтоогдоогүй байхад хэлэлцэж тогтоол гаргасан нь хууль зөрчсөн ...” гэж марган Хурлын даргыг огцруулах тухай болон Хурлын даргаар Ш-г томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь Хурлын дарга нь Зөвлөлийг тэргүүлж, Зөвлөлийн хуралдааныг товлож хуралдуулах, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах үүрэгтэй байх ба Зөвлөлийг тэргүүлж буй нэхэмжлэгч Х нь энэхүү журамд заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох ажиллагааг хийгээгүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг удаа дараа хурлын даргад өргөн мэдүүлсээр байхад уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг зарлан хуралдуулах боломжтой байхад холбогдох ажиллагааг хийгээгүй байгаа нь “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн бүрэн эрхээ Хурлын дарга хэрэгжүүлээгүй тул хурлын даргыг огцруулах асуудлыг төлөөлөгчдийн олонхоор баталж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19710?daterange=2025-12-01%20-%202026-04-07&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа