ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙНХЭЭ ҮНДЭСЛЭЛИЙГ НОТЛОХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
2026-04-08 Админ Хандсан тоо: 28 Хуваалцах
Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118/ШШ2026/0005
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Тоймын дугаар, огноо: №02, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр,
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Гомдол гаргагч З ХХК нь “...шаардлагатай засвар үйлчилгээг хийгээгүй, барилгын тухай хуульд заасныг зөрчсөн...” гэх үндэслэлээр 5000 нэгж /5 сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0135202 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг тус шүүхэд гаргасан.
Гомдлын үндэслэлийг “...Э сумын Засаг даргын тамгын газрын албан конторын барилгын ажлын дутууг гүйцээж хийсэн, ашиглалтын хугацаанд гарсан зөрчлийг арилгасан, ашиглагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл, гэмтэл гарсан байгааг харгалзан үзээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн...” гэх зэргээр тайлбарлан маргасан.
Хариуцагч дээрх үндэслэлийг няцааж “...улсын комиссоос барилгыг ашиглалтад хүлээж авахдаа тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй, албан даалгавар биелүүлээгүй, З ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас барилгын ашиглалтын хугацаанд эвдрэл, гэмтэл гарсан нь тогтоогдсон, холбогдогчийг зөрчил шалгах ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй...” гэж тайлбарласан.
Шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлагын хүрээнд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Үндэслэл: Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь зөрчлүүдийг нэг бүрчлэн шалгаж, баримтаар тогтоогоогүй, холбогдогчийг удаа дараа дуудсан талаараа баримтаар нотлоогүй, барилгын ашиглалтын явцад үүссэн гэмтэл, доголдол нь гүйцэтгэгч, ашиглагч нарын хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас үүссэнийг тодорхой тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзсэн.
Иймд шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцээх, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд маргаанд дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчид дээрх нөхцөл байдлыг судлан тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/20390?daterange=2026/01/01%20-%202026/04/07%20&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг