ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗӨРЧИЛД ХОЛБОГДОГЧИЙН 24 ЦАГ ХҮРТЭЛ СААТУУЛАГДСАН ХУГАЦААГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛИЙН НЭГ ХОНОГТ ОРУУЛАН ТООЦНО
2026-04-06 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Шийдвэрийн дугаар 2026 оны 02 дугаар сарын 11
Шийдвэрийн төлөв Хүчин төгөлдөр
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 5, 2026.03.03
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хэрүүл маргаан үүсгэж, дүү нараа зодож, гэрээсээ хөөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогдож, анхан шатны шүүх түүнд Зөрчлийн тухай 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж,
зөрчилд холбогдогчийн 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23.50 цагаас 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10.50 цаг хүртэл саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Прокуророос “...саатуулагдсан хугацааг хоногоор хасалгүйгээр, цагаар тооцож баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулж шийдвэрлэсэн нь буруу ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Холбогдогч нь дээрх зөрчлийн хэрэгт 11 цаг саатуулагдсан байх ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцохоор Зөрчлийн тухай хуульд заасан.
Зөрчлийн тухай хуульд холбогдогчийг цагаар саатуулсан тохиолдолд шүүх түүнд оногдуулсан шийтгэлээс уг хугацааг хэрхэн тооцож хасах талаар тусгайлсан зохицуулалт Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад тусгагдаагүй болно.
Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулан тооцох ба энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хорих үндсэн хугацаанаас хасаж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно” гэж нарийвчлан заасан байна.
Дээрх хуулийн тусгайлсан зохицуулалтыг үндэслэн холбогдогч У-н саатуулагдсан 11 цагийг нэг хоногоор тооцож, баривчлах шийтгэлээс хасах нь зүйтэй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэврийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж зөвтгөхөөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг