ГЭМ ХОР УЧРУУЛАХАД ХЭД ХЭДЭН ЭТГЭЭД ОРОЛЦСОН БОЛ УГ ГЭМ ХОРЫГ ХАМТРАН ХАРИУЦНА
2026-04-06 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

Шийдвэрийн дугаар      2026 оны 01 дугаар сарын 14

Шийдвэрийн төлөв         Хүчин төгөлдөр

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 4, 2026.03.03

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

Л, И нар нь бусдыг ажилд оруулна гэж хуурч, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Л, И нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Шүүгдэгч Л, И нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 жил 3 сарын хугацаанд нэр бүхий хохирогч нарын мөнгийг залилж авахдаа ...ажилд оруулж өгнө ... гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, удаа дараагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л - с 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч А-д олгохоор шийдвэрлэж, харин шүүгдэгч И - г “ ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ...” гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn/single_case/24030?daterange=2025-12-20%20-%202026-12-20&id=2&court_cat=2&bb=1  холбоосоор танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг