ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТАНХАЙРАХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖИЙГ АГУУЛСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ДҮГНЭВ
2026-04-06 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах
Шийдвэрийн дугаар 2026 оны 01 дүгээр сарын 07
Шийдвэрийн төлөв Хүчин төгөлдөр
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 3, 2026.04.06
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Прокуророос жолооч У - г зорчигч Р - тай маргалдаж, харилцан заамдалцаж ноцолдох явцдаа Г - н нүүр хэсэгт нь цохиж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх У - г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй болжээ.
Нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж зөрчсөн үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэлд тооцогддог.
Жолооч У - н биед учирсан хохирлууд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байх боловч дээрх гэмтлүүд нь нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд бүлэглэн халдаж, хүч хэрэглэсэн Р, Г, Н нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Р, Г, Н нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж У -д хүч хэрэглэж түүний эд хөрөнгийг авсан, гэмтээсэн, устгасан /гинж, ээмэг/ , эсхүл ... хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоож шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/23912?daterange=2025-12-20%20-%202026-12-20&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг