НЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖИЙГ ХЭД ХЭДЭН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ХАНГАСАН ТОХИОЛДОЛД ҮРГЭЛЖИЛСЭН НЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНД ТООЦНО
2026-04-06 Админ Хандсан тоо: 36 Хуваалцах

Шийдвэрийн дугаар      2025 оны 12 дугаар сарын 24

Шийдвэрийн төлөв         Хүчин төгөлдөр

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 2,  2026.03.03

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

Г нь 1 жил 5 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, фейсбүүк цахим сүлжээгээр зураг үзүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр бүхий иргэдээс нийт 300.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Г- н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч Г - г “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзвэл: Уг хэрэгт хохирлыг нарийвчлан тогтоогоогүй, яллах дүгнэлтэд хохирлын дүнг зөрүүтэй бичсэн, мөн шүүгдэгч Г нь дээрх хэргүүдээс гадна Н аймаг болон Улаанбаатар хотод өөрийн үйлдсэн залилах гэмт хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө Н аймаг болон Улаанбаатар хотод залилах гэмт хэрэг шалгагдаж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгуулах ажиллагааг хийлгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тохиолдолд үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно. 

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/single_case/23909?daterange=2025-12-20%20-%202026-12-20&id=2&court_cat=2&bb=1  холбоосоор танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг