ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮНД ОНОГДУУЛАХ ХОРИХ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛНЭ
2026-04-06 Админ Хандсан тоо: 31 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 2025 оны 07 сарын 02 өдөр  №46

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Тоймын дугаар, огноо: 03, 2026.01.09

Санамж:  Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

Шүүгдэгч Д нь 2024 оны 11 сарын 09-ний шөнө Н-ын гэрт иргэн А-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, гэрээс нь гарч тус байрны орцонд харилцан зодолдох явцдаа эвхэгддэг жижиг тонгорог хутгаар А-н цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж түүнд хуульд зааснаар оногдуулах хорих ялын хэмжээг хөнгөрүүлж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.    

Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Б нь “...аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаж, шүүгдэгч Д дээрх гомдолтой танилцаж гарын үсэг зурснаас гадна давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...өмгөөлөгчтэй адилхан байр суурьтай байна... “ гэсэн тайлбарыг гаргасан.

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Д-г гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн...” зэргийг харгалзан үзэж, түүнд хуульд заасан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Түүнээс гадна шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцлын улмаас маргалдаж, харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж, улмаар Д нь зэвсэг хэрэглэн А-н эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Тойм бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг