ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ЭСЭРГҮҮЦЭЖ БИЕД НЬ ХАЛДСАН ТОХИОЛДОЛД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ БИЕИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ
2026-04-06 Админ Хандсан тоо: 29 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2025 оны 06 сарын 25 өдөр №43
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Тоймын дугаар, огноо: 02, 2026.01.09
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүгдэгч Р /согтууруулах ундаа хэрэглэсэн байсан/ нь 2023.09.04-ний шөнө замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч А-г заамдан авч цохих, хүч хэрэглэн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, А нь Р-ийн зорчиж явсан тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоосон үед Р-тэй маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р-г эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдэнд хуульд зааснаар ял шийтгэл оногдуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Р нь дээрх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.
Харин А нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа тухайн тээврийн хэрэгсэл болон жолоочийг шалгах зорилгоор зогсоосон үед Р нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, элдвээр доромжлон хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүнийг заамдан авч цохисон, өшиглөсөн зэрэг хүч хэрэглэсэн үйлдлүүд гаргаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба тухайн үед А нь хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн Р-г өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэх, өвдөглөх зэргээр биеийн хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг нь эс зөвшөөрч, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч А нь биеийн хүч, бусад тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.
Гэтэл анхан шатны шүүх А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр