ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮНДРҮҮЛЭХ ШИНЖЭЭР ЗҮЙЛЧИЛСЭН ПРОКУРОРЫН ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2026-04-06 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2025 оны 06 сарын 04 өдөр №37
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Тоймын дугаар, огноо: 01, 2026.01.09
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүгдэгч Э, Р нар нь 2024 оны 11 дүгээр сард согтуурсан үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж иргэн Б, М нартай маргалдан зодож, хохирогч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байх ба энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хуульд зааснаар “Хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэрэг /хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэх/-т холбогдсон байхад прокуророос тэдгээрт холбогдох гэмт хэргийг “хоёр түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэрэг нь өөр өөр гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэдгээрийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжийн талаар үндэслэлтэй дурдсан байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Э, Р нарт холбогдох хэргийн дээрх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ баримталбал зохих хуулийг баримтлаагүйгээс гадна торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэсэн эсэх нь болон нийт эдлэх ялын хэмжээг хэрхэн яаж тогтоосон нь тус тус ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг