ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд ял оногдуулав
2026-04-06 Админ Хандсан тоо: 27 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2026.01.06. 2025/ШЦТ/06
Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Г.С-г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.С нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам хөндлөн гарч байсан Д.Э мөргөж эрүүл мэндэд нь умдаг ясны баруун дээд салаа, баруун дунд чөмөгт ясны эргүүлэг хэсэгт ташуу, тахилзуур ясны толгой, дээд, дунд хэсэгт хоёрлосон далд зөрүүтэй хугарал, шаант ясны дээд булууны үе дайрсан сэлтэрхийтэй бяцарсан хугарал, цээж, баруун бугалга, тохой, шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санжжамцын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал