ХУГАЦАА ДУУССАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДСАН, ХАДГАЛСАН НЬ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО
2026-04-06 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2026/0003

         Тоймын огноо, дугаар: 2026 оны 01 дүгээр сарын 15, Дугаар 01

         Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

         Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

         Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно .

           “А.Д” ХХК-иас Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.С-д  холбогдуулан  “А.Д” ХХК-д хугацаа дууссан пиво хадгалсан, худалдаалсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

           Нэхэмжлэгчээс: Шийтгэлийн хуудастай танилцаж, хүлээн зөвшөөрөөгүй тул үндэслэлгүй, хугацаа дууссан пиво зарж борлуулаагүй, буцаалтад өгөх гээд лангууны ар талд өрсөн байсан хугацаа дууссан пиво зараагүй гэж, хариуцагчаас тухайн хуулийн этгээдийн хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн пиво худалдах зорилгоор лангуун дээр ил хадгалсан үйлдлийг зөрчил гэх үндэслэлтэй гэж маргадаг.     

“А.Д” ХХК-ийн Б супермаркет нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн Сэрүүн нэртэй пиво 2025 оны 05 дугаар сарын 17, 2025 оны 05 дугаар сарын 30, 2025 оны 10 дугаар сарын 24-нд хугацаа дууссан 2.4 литрийн нийт 8 ширхэг, Tiger нэртэй пиво 2025 оны 09 дүгээр сарын 06, 2025 оны 10 дугаар сарын 08-нд хугацаа дууссан 0.5 литрийн 7 ширхэг гэх мэт нийт  26 ширхэг пивыг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд буцаалт болон устгах, тусгаарлан битүүмжлэх зэрэг ажиллагаа хийгдээгүй лангуун дээр байрлуулж байгаа нь тухайн бүтээгдэхүүнийг хадгалсан, худалдан борлуулсан гэх зөрчилд тооцогдохоор байна.

Иймд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах, хэрэглэх хугацаа дуусгавар болсон нь Зөрчлийн тухай хуульд “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан, үйлчилсэн гэх...”зөрчилд тооцогдож байх тул шүүхээс “А.Д” ХХК-ийн тус зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн.

Түүнчлэн зөрчилд холбогдогч нь  хуульд заасан үүргээ биелүүлээгүй гарын үсэг зурахгүй, тайлбар гаргахгүй, зөрчлийн хэрэгтэй танилцахгүй нь түүнд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.