ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ОРОН СУУЦНЫ ТАГТНЫ ХААЛТ САЛХИНЫ ҮЙЛЧЛЭЛЭЭР БАРИЛГААС УНАЖ БУСДАД ГЭМ ХОР УЧРУУЛСАН ЭРСДЭЛИЙГ ТУХАЙН ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨГЧ ХАРИУЦНА
2026-04-06 Админ Хандсан тоо: 19 Хуваалцах
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн магадлал, 2024.09.11. №74
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
1. Өлгий сумын 11 дүгээр багт байрлах орон сууцны 2 дугаар давхарт байрлах хариуцагч С-ийн өмчлөлийн байрны тагтны вакум хаалт хуучирч муудсан, бэхэлгээ муутай байсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн цагаар хүчтэй салхинд хийсэн тухайн байрны доор байсан тээврийн хэрэгсэлд унаж, нэхэмжлэгч Г-д 1,867,000 төгрөгийн хохирол учруулжээ.
2. С нь өөрийн өмчийн орон сууцаа М-д түрээслүүлдэг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Өлгий сумын нутаг дэвсгэрт салхи 20-24 м/с-д хүрч, аюулын хэмжээнд хүрсэн, тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан улсын комисс шийдвэр гаргаж хүлээн авч байсан, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон сууцны барилгын гаднах хэсэг буюу тагтны хаалт салхинд хийсэж Г-д гэм хор учруулсанд өмчлөгч гэм буруугүй, Г нь тээврийн хэрэгслээ орон сууцны барилгын доор, зогсоолгүй тавьсан өөрөө буруутай гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
3. Давж заалдах шатны шүүхээс гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэж хүний оролцоотой хүчин зүйлтэй огт хамааралгүйгээр хэзээ, хэрхэн болох талаар урьдчилан сэргийлэх, эсхүл таамаглах, мөн шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтыг ашиглаж урьдчилан сэргийлж, даван туулах ямар ч боломжгүй буюу гэнэтийн шинжтэй байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, хүчтэй салхи, үер, газар хөдлөлт, нуралт зэрэг/-ийг ойлгох бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Өлгий хот орчмоор салхи 20-24м/с хүрч ширүүсэж, хүчтэй салхи салхилсан цаг агаарын нийтлэг үзэгдлийг гэнэтийн болон давагдашгүй шинжтэй онцгой нөхцөл байдалд тооцох хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж дүгнэжээ.
4. Хариуцагч С нь орон сууцны 2 давхарт байрлах өөрийн өмчлөлийн байрны тагтны вакум хаалтын бүрэн бүтэн байдал, уг хаалт тагтнаас унаж бусдад хохирол учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, нягтлах, хянах, барилгын үндсэн хийц, бүрдэл хэсэгт үл хамаарах тус вакум хаалтыг барилгад найдвартай бэхлэх, тогтоох үүрэгтэй, уг үүргийг тус эд хөрөнгийн өмчлөгч хариуцах зарчмын дагуу С-ийн өмчлөлийн барилгын тагтны вакум хаалт унаснаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд зааснаар өмчлөгч хариуцан арилгах нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн үзэл санаанд нийцэх учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагч буюу тухайн байрны өмчлөгч хариуцагч С-ээр нөхөн төлүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/31734?daterange=2024-01-01%20-%202026-01-20&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек