ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийнх байна
2026-04-06 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Шүүхийн нэр: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.02.09 №210/МА2026/00368
Тоймын дугаар, огноо: 2025.03.04 №2
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Н” ТБАГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч “А” ХХК нь шаардлагын үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан хугацаанд хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль бус, мөн хариуцагч нь төлбөр төлөгчийг дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан” гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан” гэж тус тус тайлбарлан маргасан.
Анхан шатны тойргийн шүүх “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаан тул уг маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийнх бөгөөд нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан хугацаанд хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчихгүй” гэж нэмж дүгнэн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Жич: хяналтын шатны шүүхийн нийт шүүгчийн тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа давж заалдах шатны шүүхийн магадлал уг хэргийн хувьд эцсийн шийдвэр болохыг дурдсан байна.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа