Алдагдсан боломжийг хохиролд тооцох уу
2026-04-03 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх  Иргэний хэргийн танхим

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.10.10 №001/ХТ2023/00173

Тоймын дугаар, огноо№77 /ИХТ26/ 2026.04.02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

СанамжЭнэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Х.М-д холбогдуулан “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол 77,103,240 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х.С-ийн нэхэмжлэлд: “...хариуцагч Х.М-тэй 2022.05.18-ны өдөр шинээр баригдаж буй “1000 бараа-Арман төв”-ийн үйлчилгээний зориулалтай 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нийт 150,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулж, Х.М 2022.11.01-ний өдөр уг хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, төлбөрийг бүрэн төлж үүргээ шударгаар биелүүлсэн. Гэвч Х.М өөр хүний эд хөрөнгийг надад худалдахаар гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Үйл ажиллагаагаа явуулахын тулд Д.Б-ээс нэг м.кв талбайг 3,846,154 төгрөгөөр худалдан авч, үнийн зөрүүгээс үүдэлтэй хохирол гарсан тул хохирлыг 1 м.кв-ын зөрүүгээр тооцон 77,103,240 төгрөг гаргуулах...” шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.М: “...нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, гэрээ байгуулах үед авсан мөнгийг нэн даруй банкны хүүг нэмж шилжүүлэн өгсөн...” гэж маргажээ.

Гуравдагч этгээд А.Ж, К.Ж нар нь: “...барилгын 60 м.кв үйлчилгээний талбайг дур мэдэн захиран зарцуулж хэлцэл хийснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна …” гэсэн бие даасан шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх: “...худалдаа үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах захиалгын гэрээ нь талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд Иргэний хуулийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой хохирол нөхөн төлүүлэх нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгчийн алдагдсан боломжийг хохиролд тооцож төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно, харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: “…зохигчийн хооронд байгуулсан хэлцэл хууль зөрчсөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн буруутай үйлдлээс хохирол учирсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх ба мөн хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулахын тулд өөр этгээдтэй гэрээ байгуулж, талбайн үнийн зөрүүгээр хохирсон явдалд хариуцагч Х.М-ийг өөрийн эхнэр болон ахаас зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсныг буруутай гэж үзэх тул тэрээр хохирлыг хариуцна. Нөгөөтээгүүр, шинээр баригдаж буй барилга үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, мөн нэхэмжлэгч нь уг хөрөнгийг хариуцагчийн өмчлөлийнх гэж ойлгосон байх тул уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгахгүй.

Харин хүчин төгөлдөр бус байх хэлцлээс учирсан хохирлыг тооцохдоо ...нэг м.кв талбайн үнийг зах зээлийн бодит үнэтэй харьцуулан тооцож, хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч  60 м.кв талбайд 60,000,000 төгрөг илүү төлж хохирсон гэж дүгнэн, үүнээс хариуцагчийн урьдчилан төлсөн 3,666,000 төгрөгийг хасаж, 56,334,000 төгрөгийг Х.М-ээс гаргуулж, үлдэх 20,769,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/10318?daterange=2023-10-10%20-%202023-10-10&id=3&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон