Жолооч хурдаа тохируулах, зогсоох үүрэгтэй
2026-04-02 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах

Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх  Иргэний хэргийн танхим

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.10.28 №001/ХТ2025/00171

Тоймын дугаар, огноо№76 /ИХТ25/ 2026.04.02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

СанамжЭнэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Л-д холбогдуулан өөрийн өмчлөлийн автомашинд учирсан хохиролд 9,184,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь зам тээврийн ослын улмаас үрэгдсэн үхрийн үнэ 3,119,700 төгрөг, олох байсан орлого 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөгийн хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх: Хариуцагч Д.Л-ын малыг хариулдаг малчин О.А нь хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх тухай Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хориглосон бүсэд мал тэжээж, хариулгагүй орхисон гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч талын зөвшөөрснөөр үхрийн өртөг 3,119,700 төгрөгийн хэмжээгээр хангаж, шаардлагын үлдэх хэсгийг  “жолоочийн гэм буруу тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх хариуцагч Д.Л-аас 9,184,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, сөрөг нэхэмжлэлийн хувьд жолоочийн гэм буруу тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй ч үхрийн үнэ 3,119,700 төгрөг төлөхийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн үндэслэлээр хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Иргэний хуулийн 497.1, 499.1 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар харанхуй үед үзэгдэх хүрээн дотор машинаа зогсоох боломжтой хурд сонгох, аюул тулгарахад хурдаа хасаж зогсоох заалтыг жолооч зөрчсөн. Мөн малчин О.А-г Зөрчлийн тухай хуулиар торгосноор хариуцагчид бүх хохирлыг хариуцуулах үндэслэлгүй тул Замын хөдөлгөөний дүрмийн 26.5-д заасан малыг зам хөндлөн гаргах жолоочийн үүрэг, малыг засмал замаас 50 метр дотор хариулгагүй орхиж болохгүй гэсэн малчны үүргийг зөрчсөн байх тул жолооч болон хариуцагч тус бүрт  хохирлыг 50 хувиар бууруулж 4,592,000 төгрөгийг хангасан өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/10926?daterange=2025-10-28%20-%202025-10-28&id=3&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон