ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАРИУЦАГЧИД НЭХЭМЖЛЭЛИЙН ХУВИЙГ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААР НЬ ХҮРГҮҮЛСНЭЭС ХОЙШ 7 ХОНОГ ӨНГӨРСӨН БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ХУВИЙГ ГАРДАЖ АВСАН ӨДӨР ГЭЖ ҮЗЭЖ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
2026-03-17 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2026.03.11
Шүүхийн шийдвэрийн дугаар: 197/ШШ2026/05423
Шүүхийн шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2026.03.17 №02
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болoогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч О.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6,938,906 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч О.С-д оршин суугаа хаягаар нь шүүхийн мэдэгдэл хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тухай Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т зааснаар хариуцагчийн албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг хийхэд нэхэмжлэлд дурдсан хаягтай ижил байна.
Шүүхээс хариуцагч О.С-ийн И-Монголиа дахь үндэсний цахим шуудангийн хаягаар буюу иргэний бүртгэлийн дугаар бүхий 111....... @e-mongolia.mn хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, түүний хувийн цахим шуудангийн ..... @.gmail.com. хаягаар нэхэмжлэл, эрх үүрэг тайлбарласан баримтыг шүүхийн мэдэгдэх хуудсын хамт давхар илгээжээ.
Хариуцагч шүүхэд хүрэлцэн ирэх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх хариу тайлбарыг хуулийн хугацаанд ирүүлээгүй, мөн түүнд шүүх хуралдааны товыг И-Монголиа дахь үндэсний цахим шуудангийн........ бүртгэлийн дугаар болон хувийн ....... цахим шуудангийн хаягаар хүргүүлэхэд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд нь хэргийг хэлэлцэж зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.С-ээс 6,938,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/234673?daterange=2026-01-01%20-%202026-03-17&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана