ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар дээр барилга, байшин барьсан бол газрыг албадан чөлөөлөх үндэслэлтэй
2026-03-09 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025 оны 10 дугаар сарын 14, Дугаар 119/ШШ2025/0039
Тоймын огноо дугаар: 2026 оны 03 дугаар сарын 05, Дугаар 01
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/292 дугаартай захирамжаар иргэн “Э”-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт “Ч” төвийн дэргэд 685 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.
Иргэн “Э” нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмших эрх бүхий газраас илүү хэмжээний газрыг дур мэдэн эзэмшиж, эзэмшил газраасаа илүү гаргаж барилгын өргөтгөл барьсан гэх үндэслэлээр Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаартай “Газар албадан чөлөөлж, албадан буулгах тухай” захирамж гаргаж, газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “Э” нь Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргав.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “Э”-ийн 7мх14 м хэмжээтэй сэндвичин барилга барьсан газар нь түүний эзэмших эрх бүхий 685 м.кв газарт хамаарахгүй, эзэмших эрх бүхий газраасаа илүү гарсан догол газрыг ашиглан барилга барьсан нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа үйлдэлд хамаарна.
Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашигласан зөрчилд хамаарах тул газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн.
Тойм бичсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг
https://shuukh.mn/single_case/19383?daterange=2025-01-01%20-%202026-03-04&id=1&court_cat=3&bb=1