ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Гадаад улсад суралцуулах зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй нь төлбөр буцаан гаргуулах үндэслэл боллоо
2026-02-13 Админ Хандсан тоо: 32 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх. Шийдвэрийн дугаар: 2025.04.07-ны өдрийн дугаар 191/ШШ2025/02897
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2026 оны 02 дугаар сарын 13
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Н.Д, Н.Д нар нь “Э” ХХК-нд холбогдуулан Зуучлалын гэрээний дагуу “гадаадын их дээд сургуульд зуучлах” үүргээ билүүлээгүй тул гэрээний хөлс 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
“Э” ХХК нь нэхэмжлэгч нар нь хариуцагчийн шаардсан материалыг цаг тухайд нь бүрэн бүрдүүлж өгөөгүй учир гадаадын их дээд сургууль руу материал явуулаагүй үндэслэлээр хөлсийг буцаан төлөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар Зохигчийн хооронд Зуучлалын гэрээ байгуулагдсан, төлбөр шилжүүлсэн үйл баримтад маргаангүй.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зуучлалын гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаж, эрх, үүргийг харилцан хүлээсэн байна.
Суралцуулагч талын үйлчилгээний хураамжид тухайн сургуулийн талаарх мэдээлэл өгөх, мэргэжил сонголт болон тэнхимийн судалгаа, суралцагч талын өмнөөс сургуультай холбоо тогтоох, бичиг баримт бүрдүүлэх, зөвлөгөө өгөх, баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, суралцагчийн бичиг баримтыг сургууль руу шуудангаар илгээх, сургуулийн баталгаат урилга хүлээн авах, хариу авах, гадаад гуйвуулга хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд багтана гэж тохирсон боловч хариуцагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэв.
Зуучлуулах, гадаадын их дээд сургуультай холбож өгөх, баримт бичгийг илгээх, хариу авах зэрэг үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний зорилго болох Гадаад улсад суралцуулах үйлчилгээгээ авч чадаагүй учир нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзаж өгсөн зүйлээ буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, хөлсийг буцаан шаардах эрхтэй тул Зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/187737?start_date=&end_date=&id=1&court_cat=1&bb=1