ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДААС ХАХУУЛЬ АВСАН, ӨГСӨН ҮЙЛДЭЛД ЯЛ ОНОГДУУЛАВ
2026-02-11 Админ Хандсан тоо: 16 Хуваалцах
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25 ны өдрийн 2025/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоол
Тоймын огноо: № 2026.02.10
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэ тойм шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.”
1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.З, Б.М, Э.О, Т.М нарт дараах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
1.1. Шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Ч" ХХК-ийг тус төвийн байранд хяналтын камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх ажлыг авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Ө.М-аас бусдаар дамжуулан өөрийн дансаар хахууль авсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ө.М-ыг Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хяналтын камер суурилуулах ажил, засварлах ажлын гүйцэтгэгчээр “Ч" ХХК-ийг шууд гэрээ байгуулж давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.З-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан 300,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
1.2. Шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод аудиторын албан тушаалд ажиллаж байсан Э.О-ыг тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.О-оос цагаан өнгийн дугтуйтай 500,000 төгрөгийг бэлнээр хахууль авсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.О нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн дотоод аудитораар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь 500,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
1.3. Шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Б.Н нь эмчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаатай ажиллаж байх үед тухайн албан тушаалд жинхэлж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Н-ын төрсөн охин Т.М-аас бусдаар дамжуулж 1 ширхэг виски болон бэлнээр 300,000 төгрөгийн хахууль авсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Т.М нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн эмчээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан өөрийн төрсөн эх Б.Н-ыг тухайн албан тушаалд жинхлүүлэх ашиг сонирхлын үүднээс тус төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.З-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан 1 ширхэг виски болон 300,000 төгрөгийг бэлнээр хахууль өгсөн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
2. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан шүүгдэгч Ө.М-аас хахууль авсан, шүүгдэгч Ө.М нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нь бусдаар дамжуулан шүүгдэгч Б.З-д хахууль өгсөн нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Б.З-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Ө.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
Шүүгдэгч Б.З, Ө.М нар нь дээрх гэмт хэргийг 2021 оны 08 дугаар сард үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар заалтуудыг 2022 оны 12 дугаар сарын 16 ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь дээрх хуулийн өөрчлөлтөөс өмнө байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд өмнө хуульд заасан ялыг оногдуулсан болно.
3. Харин шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод аудиторын албан тушаалд ажиллаж байсан Э.О-ыг тус төвийн дотуур байрны багшийн албан тушаалд томилж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.О-оос цагаан өнгийн дугтуйтай 500,000 төгрөгийг бэлнээр хахууль авсан, шүүгдэгч Э.О хахууль өгсөн,
шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Б.Н нь эмчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаатай ажиллаж байх үед тухайн албан тушаалд жинхэлж өгөх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Н-ын төрсөн охин Т.М-аас бусдаар дамжуулж 1 ширхэг виски болон бэлнээр 300,000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Т.М нь хахууль өгсөн үйлдлүүдийн тухайд хэрэгт хэргийн нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч нар нь дээрх үйлдлийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй тул шүүгдэгч нарын дээрх үйлдэлд холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн.
4. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол дараах линкээр үзнэ үү: https://shuukh.mn/single_case/131348?daterange=2025-09-01%20-%202025-10 11&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан