Ходоодны хорт хавдрын өвчний шалтгаанаар нас барах нь гэнэтийн ослын даатгалын тохиолдолд хамаарахгүй
2026-01-23 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №Дугаар 181/ШШ2022/02593

Тоймын дугаар, огноо: 2026.01.23 /№13/

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Б нь хариуцагч М даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 17,210,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, даатгуулагч С нь ходоодны хорт хавдар өвчнөөр нас барсан нь гэрээний “Гэнэтийн осол”-д хамаарахгүй, даатгалын тохиолдол болоогүй буюу даатгуулагчийн амь насанд гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Б болон даатгуулагч С нар нь хариуцагч М даатгал ХК-тай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулж, гэрээнд амь насны болон барьцаа хөрөнгийн даатгалын талаар тусгаж, даатгалын зүйл байхаар тохирч, даатгалын эрсдэлийн төрлийг болон даатгалын хураамж төлөх нөхцөлийг тус тус тохиролцож, даатгуулагч нар нь даатгалын хураамжийг жилийн эхэнд бүтэн дүнгээр төлөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, гэрээнд заасан даатгалын хураамжийг даатгуулагч нар төлсөн. Энэ талаар маргаан байхгүй.

Харин даатгуулагч С нь даатгалын гэрээний хугацаанд ходоодны хавдар өвчнөөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн албан бичиг, өвчний түүх, “Найдвар хоспис” эмнэлгийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Хэдийгээр талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын гэрээний хураамжийг цаг тухайд нь даатгуулагч төлж байсан болон даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч С нас барсан болох нь тогтоогдсон боловч шүүх нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь талуудын хооронд байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт “Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол” гэсэн 5 төрлийн гэнэтийн ослыг заажээ.

Иймээс хавдрын өвчний улмаас нийт 9 сарын хугацаанд ходоодны хорт хавдар оноштойгоор ерөнхий мэс заслын тасаг, хими эмчилгээний тасаг, хөнгөвчлөх эмчилгээний тасаг, дурангийн тасгуудад тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан нь энэ гэрээний даатгалын тохиолдол болохгүй бөгөөд гэрээгээр тохиролцсон болзол бүрдээгүй гэж дүгнэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/124452?daterange=2020-01-01%20-%202026-01-23&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгч А.Цэлмэг