БУСДЫН ҮҮРГИЙГ ДААЛГАВАРГҮЙГЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН ЭТГЭЭД ЗАЙЛШГҮЙ ЗАРДЛЫГ НӨХӨН ТӨЛӨХИЙГ АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛУУЛСАН ЭТГЭЭДЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ
2025-12-11 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах

 

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.08.10 №153/ШШ2023/00464

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.

“ХЭЧ” хоршоо нь П.Т-гаас худалдааны төвд талбай, тасалгаа/павилон/ эзэмшдэг” гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалтын зардал 514,620 төгрөг, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны төлбөр 771,930 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал 643,275 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

П.Т нь “Худалдааны төвд эзэмшдэг талбай, тасалгаа/павилон/-г ашиглаагүй, худалдаа, үйлчилгээ эрхлээгүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргасан.

П.Т нь “ХЭЧ” хоршоонд 132 тоот талбай, тасалгаа/павилон/-г эзэмшдэг, тус хоршоонд гишүүнчлэлтэй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй./Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэг/

Нэг этгээд бусдын төлөө, түүний өмнөөс ямар нэг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн үйлдэл нь нөгөө этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх тохиолдолд гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг үүснэ.

Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн үйлдлийн улмаас зөвхөн нэг этгээдийн бус хэд хэдэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх тохиолдол байдаг.

“ХЭЧ” хоршоо нь худалдааны төвийн барилгыг харуул, хамгаалалттай байлгаж, дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ авч, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хийснээр худалдаа, үйлчилгээний талбай, тасалгаа/павилон/-г эзэмшдэг тус хоршооны бүх гишүүдийн ашиг сонирхолд нийцнэ.

Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь нийцсэн үйлдэл хийсэн “ХЭЧ” хоршоо нь П.Т-аас тухайн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй.

“ХЭЧ” хоршооноос 132 тоот талбай, тасалгаа/павилон/-ны түлхүүрийг П.Т-д хүлээлгэж өгөөгүй, эзэмшиж буй талбайгаа тохижуулаагүй, худалдаа, үйлчилгээ эрхлээгүйг талууд хүлээн зөвшөөрдөг.

Иймд “ХЭЧ” хоршооны П.Т-гаас нэхэмжилсэн 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны төлбөр болон цэвэрлэгээ, үйлчилгээний хөлсийг тус тус зайлшгүй зардал гэж үзэхгүй.

Харин 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалтын зардлыг “зайлшгүй” гэж үзэх боломжтой байна. Учир нь “ХЭЧ” хоршоо нь талбай, тасалгаа/павилон/-г хамгаалахгүй тохиолдолд П.Т нь өөрөө биечлэн халдлагаас хамгаалах, эсхүл бусдаар хамгаалуулах гэх мэтчилэн тодорхой хэмжээний зардал гаргах шаардлага үүсэх юм.

Иймд П.Т-гаас 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалтын зардлыг гаргуулан “ХЭЧ” хоршоонд олгож, мөн хугацааны дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны төлбөр, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийн холбоос: https://shuukh.mn/single_case/128268?daterange=2023-08-10%20-%202023-08-10&id=1&court_cat=1&bb=1

ТОЙМ БЭЛТГЭСЭН: ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Б.МӨНХБАТ