ЗӨРЧИЛ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨРЧИЛД ХОЛБОГДОГЧИЙН АМЬЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОХ НЬ ТОГТООГДСОНООС БУСАД ТОХИОЛДОЛД ХУРААНА
2025-12-04 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 115/ШЗ2025/0036 тоот захирамж

Тоймын огноо, дугаар: 2025 оны … дүгээр сарын …, Дугаар …

Тоймын төрөл: шүүхийн процессын тойм

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн П -ийн зохих зөвшөөрөлгүйгээр амьтан /гурван тооны зээр/-ыг мотоциклоор хөөж, хууль бусаар агнасан зөрчилд эрх бүхий холбогдох албан тушаалтнаас түүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 150000 төгрөгөөр торгож, 5982000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж, улмаар П-ээс зөрчил үйлдэхдээ ашигласан мотоциклийг хураах албадлагын арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу тус шүүхэд гаргажээ.

Шүүх эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал: Зөрчлийн тухай хуулиар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл /тээврийн хэрэгсэл/-ийг хураах шийдвэрийг шүүх гаргахаар, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь зөрчилд холбогдогчийн амьжиргааны эх үүсвэр болох нь тогтоогдож байгаагаас бусад тохиолдолд хураах, харин уг хураах шийдвэрийг шүүх хэрэгжүүлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг “биет”-ээр нь, эсхүл “үнэ”-ийг гаргуулснаар хураах эсэхийг сонгож шийдвэрлэхээр тус тус зохицуулагджээ.

Энэ дагуу шүүх П-ийн үйлдсэн зөрчил нь эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар нотлогдсон бөгөөд түүний зөрчил үйлдэхдээ ашигласан мотоцикль нь П-ээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан мэдүүлгүүд дэх, уг мотоциклийг “дүү нь өгсөн” гэж байгаагаар бүр өгсөн, эсхүл түр хэрэглэж байсан нь тодорхойгүй, мөн уг мотоциклийг ойр зуурын ахуйн хэрэгцээнд унадаг байсан гэх  байдлуудаас үндэслэн тус мотоциклийг П-ийн амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл биш гэж үзэж хураахаар шийдвэрлэж,

Харин тус мотоциклийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авч, буцаан олгосон байсан ба гэтэл энэ хугацаанд П-нь мотоциклийг “хулгайд алдсан” гэж байгаагаар тус мотоцикль нь түүнд биетээр байгаа эсэх нь тодорхойгүй байх тул мотоциклийн “үнэ”-ийг хүсэлтэд хавсарган ирүүлсэн зах зээлийн хуучин үнээр 500000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг үндэслэн П-д түүний зөрчил үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 500000 төгрөгийг гаргуулах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Тойм бэлтгэсэн:  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд.