ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД “ЭНГИЙН” ГЭХ ТУШААЛААР “АХЛАГЧ”-ААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХУГАЦАА НЬ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ХУГАЦААНД ХАМААРНА
2025-12-04 Админ Хандсан тоо: 4 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003

Тоймын огноо, дугаар:

Тоймын төрөл: шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн М нь Зэвсэгт хүчний байгууллагад /цаашид ЗХ-ний байгууллага гэх/ ахлагчийн албан тушаалд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргын /цаашид ЗХЖШ-ын дарга гэх/ тушаалаар цэргийн жинхэнэ албыг 25 жил 10 сар хаасныг тогтоож, цэргийн тэтгэвэр тогтоолгохоор ахлагчийн албан тушаалаас 2023 онд чөлөөлжээ.

Энэ дагуу М нь цэргийн тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын газарт /цаашид НД-ын газар гэх/ хандсан боловч, ЗХЖШ-ын даргын 2013.11.11-ний өдрийн тушаалаар М-ийг ахлагчийн албан тушаалд “энгийн”-ээр томилсныг үндэслэн түүний 2013.11.05-наас 2014.08.01-нийг хүртэл буюу цэргийн алба, цолыг нь сэргээсэн ЗХЖШ-ын даргын тушаал гарах хүртэл ажилласан хугацааг “энгийн”-ээр томилогдсон тул цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулж тооцохгүй гэсэн Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024.09.10-ны өдрийн шийдвэрийг үндэслэн тус НД-ын газар нь М-ийг хуульд заасан 25 жил байх ёстой болзлыг хангахгүй байна гэж үзэж түүнд цэргийн тэтгэвэр тогтоогоогүй байна, иймээс М нь шүүхэд ханджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны “ахлагч” нь цэргийн тэтгэвэр авах эрхтэй бөгөөд тус албанд ажилласан /алба хаасан/ нийт хугацааг цэргийн тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд оруулж тооцохоор, мөн тухайн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг ЗХ-ний байгууллага эрхлэн гүйцэтгэхээр тус тус зохицуулагджээ. Гэтэл хэдийгээр “энгийн” гэсэн тушаалаар томилогдсон ч М-ийн ЗХ-ний байгууллагад 2013.11.05-2014.08.01-нийг хүртэл хугацаанд “ахлагч”-ийн албан тушаалаар цалинжин, тухайн ажил үүргийг гүйцэтгэж байсны хувьд уг хугацааг цэргийн тэтгэвэр тогтоох нийт хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй, түүнчлэн ЗХЖШ-аас цэргийн тэтгэвэр тогтоолгохоор М-ийг “ахлагч”-ийн албан тушаалаас  чөлөөлсөн байхад түүнд цэргийн тэтгэвэр тогтоон олгохгүй байгаа нь буруу тул шүүхээс НД-ын газрын  уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М-д цэргийн тэтгэвэр тогтоон, олгохыг тус газарт даалгаж  шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17891?daterange=2025-01-01%20-%202025-06-26&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн:  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Цэнд