ДУНДЫН ХӨРӨНГИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛСАН НЬ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ХӨРӨНГӨӨС НОГДОХ ХЭСГИЙГ ХУВААРИЛАХАД СААД БОЛОХГҮЙ
2025-12-02 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.18-ны өдрийн 192/ШШ2025/07364 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №03, 2025.12.01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад маргаагүй, харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт цугларсан баримтаар А, Б нар нь 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2011 онд хүү Д төрсөн;

Маргааны зүйл: Хариуцагч Б-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх;

Нэр бүхий 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б бүртгэлтэй байсан бөгөөд хариуцагч Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон төрсөн эцэг, эх, дүүгээс шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах замаар өмчлөх эрхийг олж авсан гэх боловч тухайн хөрөнгүүд нь гэрлэгчид хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон тул гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.

Мөн хариуцагч Б-ийн “нэхэмжлэгч А-г тухайн хөрөнгүүдийг бий болгоход мөнгөн хөрөнгө оруулаагүй” гэх тайлбар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг орлого олсон эсэхээс үл хамааран хамтран өмчлөх эрхтэй гэж заасанд нийцээгүй болно.

Хариуцагч Б нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Ингэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүний буюу А-ийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй тул А нь бусдын өмчлөлд дур мэдэн шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг мөнгөөр тооцож гаргуулахаар шаардах эрхтэй.

Тодруулбал, Б-ийн бусдын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг төгрөгөөр тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг