ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮЧИНТЭЙ БАЙХ ХУГАЦААНД ЭЭЛЖИТ ЖИЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
2025-10-17 Админ Хандсан тоо: 19 Хуваалцах
Шүүхийн магадлалын огноо, дугаар: 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 221/МА2025/0279
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “М” ХХК-ийн “ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцалсан” Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад анх олгосон огноог 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гээд, ээлжит 9 дэх жилийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлснөөр “Хугацаа 2017.03.28-2018.03.28 хүртэл” тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагджээ.
Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 10 дахь жилийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө буюу “2018.03.28-2019.03.28” хүртэл хугацааны төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах байтал тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь илт хууль бус шийдвэр” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Зүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийг хуульд заасан хугацааны дотор хуульд зааж тодорхойлсон хэмжээгээр ээлжит жилийн төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү бүрэн гүйцэт төлөөгүй, үүргээ биелүүлээгүй тухайн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга цуцлах эрхтэй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тойм бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа