ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт санал болгосон нөхцөл шалгуур нь тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломж олгоогүй бол өөрчлөх үүрэгтэй
2025-10-17 Админ Хандсан тоо: 27 Хуваалцах
Шийдвэрийн огноо, дугаар : 2025.05.21-ний өдрийн 125/ШШ2025/0027
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2025.09.10
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч нь “ХУК” ХХК нь “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан боловч гуравдагч этгээд “ХӨ” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж тендерт дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэснээр маргаан үүсжээ.
Нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд Сангийн яам, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан маргасан ч шийдвэр хэвээр үлджээ.
Улмаар дахин тендер сонгон шалгаруулалт хийгдэж гуравдагч этгээд шалгарсантай холбогдуулан нэхэмжлэгч маргаж байх ба тендерээс татгалзсан үндэслэлийн талаар маргаагүй, харин хариуцагчийн тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой маргаж байна.
Тодруулбал, Үнэлгээ хороо нь Монополын эсрэг газраас өгсөн үүргийг биелүүлээгүй, тендер шалгаруулалтын баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулаагүй, хуульд заасан хугацааг зөрчиж тендер хүлээн авах хугацааг тогтоосноор өрсөлдөх тэгш боломж олгоогүй гэж тайлбарлана.
Монополын эсрэг газраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаад тендер шалгаруулалтын баримт бичгийн зарим хэсэгт холбогдох өөрчлөлтүүдийг оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэний дараагаар тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үнэлгээний хороо Монополын эсрэг газраас тогтоосон зөрчлийг арилгаж тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу зарим зөрчлийг арилгаагүй болох нь тогтоогдсон.
Иймд Үнэлгээний хороо нь Монополын эсрэг газрын албан ёсны шаардлагыг заавал биелүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс худалдан авах ажиллагаа нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн гэж дүгнэж, тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулан дахин зарлахыг даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/18728?daterange=2025-01-01%20-%202025-10-15&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл