Улсын байцаагч нь тогтоосон төлбөрийн актын тооцооллын үндэслэл нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна
2025-10-17 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах

Шийдвэрийн огноо, дугаар : 2025.06.16-ны өдрийн  125/ШШ2025/0046

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар:  2025.10.01

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

            Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч байгууллагад шатахууны норм, нормативыг хэтрүүлэн зарцуулсан гэх үндэслэлээр төлбөрийн акт тогтоожээ.

            Нэхэмжлэгчээс байгууллагын эрхлэх ажил үйлчилгээний онцлог, тухайлбал тусгай зориулалтын автомашины шатахууны хэрэглээ, зарцуулалттай холбоотойгоор байгууллагын даргын тушаалаар баталсан норм нормативыг харгалзаж  үзээгүй, энэ талаар асууж тодруулах замаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, оролцоог хангаагүй гэж маргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны мэтгэлцээний үед хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын 3 автомашины зориулалт, шатахууны хэрэглээний төрөл зэргийг харгалзаж үзээгүй, дизель түлш зарцуулдаг автомашины шатахуун зарцуулалтыг  бензинээр тооцсон, жолоочийн тооцооны хуудаст бичигдсэн явсан зам, зарцуулсан шатахуун нь улсын байцаагчийн тооцооллоос зөрүүтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул төлбөрийн акт нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэв.

Иймд хариуцагч нь төлбөрийн тооцооллыг бүрэн зөв хийгээгүй, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулах боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дээрх маргаан бүхий үйл баримтыг дахин нягтлан шалгаж шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий төлбөрийн актын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 

   Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/18888?daterange=2025-01-01%20-%202025-10-15&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Оюунгэрэл