Тооллогын комисс саналыг тоолсон бол саналын дүнг баталсан тогтоол гаргахаас татгалзах үндэслэлгүй
2025-10-17 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

Шийдвэрийн огноо, дугаар : 2025.03.28-ны өдрийн  125/ШШ2025/0015

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2025 оны 06 дугаар сарын 02

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

            Ж сумын Х багийн Засаг дарuыг сонгох Иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комисс нь саналын дүнг баталсан тогтоол гаргаагүй эс үйлдэхүй гаргасан талаар багийн Засаг даргад нэр дэвшиж өрсөлдсөн Л.Ц нь шүүхэд хандсан.

Багийн Засаг даргыг багийн нийт иргэдийн хуралдаанаар сонгодог онцлогтой бөгөөд нэр дэвшүүлэх, санал хураах хэрхэн явуулах талаар тусгайлсан хуулийн зохицуулалт байхгүй ч багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан хуралдааны дэгээр зохицуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр  багийн хуралдааны зохион байгуулалтын улмаас эмх замбараагүй байдал үүссэн, тооллогын комисс ажиллахад хүндрэлтэй байсан хэдий ч санал хураах ажиллагааг дуусгаж саналын хуудсыг тоолсон болох нь тогтоогдсон.

Холбогдох хууль, багийн хуралдааны дэгийн зохицуулалтаас үзвэл, Тооллогын комисс нь саналын хуудсыг тоолж дууссанаар санал хураалтын дүнг баталсан тогтоолыг багийн Хуралд танилцуулах, улмаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаас уг тогтоолыг үндэслэн хуралдааны тогтоол гаргахаар байна.  

Гэтэл Тооллогын комисс “санал өгсөн иргэний тоо, саналын хуудасны тоо зөрсөн” гэх үндэслэлээр саналын дүнгийн талаар тогтоол гаргаагүй байх тул багийн Иргэдийн Нийтийн Хурлаас санал хураалтын дүнг хүчингүйд тооцох, нэмэлт, дахин санал хураалт явуулах эсхүл дүнг хүлээн зөвшөөрч хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар өргөн мэдүүлэх зэргээр ямар нэгэн тогтоол гаргах боломжгүй болж хуралдаан тарсан байна. 

Тооллогын комисс нь саналын хуудсыг тоолж дүнг гаргах үүрэгтэй тул саналын дүнг баталгаажуулсан тогтоол гаргахаас татгалзах үндэслэлгүй, харин тооллогын дүнгээс хамаарч үүсэх үр дагаврыг хариуцахгүй юм.

Иймд Тооллогын комисс үүргээ бүрэн биелүүлээгүй буюу саналын дүнгийн талаар тогтоол гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тооллогын дүнг баталсан тогтоол гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.

      Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://shuukh.mn/single_case/18432?daterange=2025-01-01%20-%202025-06-06&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Оюунгэрэл