Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргах эрхтэй
2025-10-16 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 101 дугаар захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2025 оны 08 дугаар сарын 15,  Дугаар 01

Тоймын төрөл: Процессын тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.  

         Говь-Алтай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ш.Э-аас  Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Б.А-д холбогдуулан Буруутай албан тушаалтнаас гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

         Нэхэмжлэлийн үндэслэлээ: Б.А нь Хөхморьт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн даргыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн шийдвэр гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин болох 3.350.061 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.А-гаас гаргуулж,  төрд учирсан хохирлыг арилгуулах гэжээ.

        Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, хуульд тусгайлан зааснаар дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг төрийн албаны төв байгууллага болон санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь шүүхэд шууд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан.

          Түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтнаас уг асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй, төлөөлүүлэхээр хүсэлт гаргаагүй байхад прокурорын зүгээс өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа гэх үндэслэлээр буюу хуулиар өөр захиргааны байгууллага, албан тушаалтанд хариуцуулсан асуудлаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах