Насан туршийн суралцахуйн төвийн захирал нь боловсролын байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалтай дүйцнэ
2025-10-16 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 109/ШШ2025/0013 

Тоймын огноо, дугаар: 2025 оны 07 дугаар сарын 03, Дугаар 09

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм, хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийн мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  төсөвт суугдсан .... төгрөгийн тэтгэмжийг олгохыг, аймгийн Боловсролын газарт даалгаж өгнө үү гэж, Хариуцагч захиргааны байгууллага нь А-д “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн захирал гэдэг нэршил байхгүй тул тэтгэмж олгох боломжгүй” гэж тус тус маргасан.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хангах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь, Боловсролын ерөнхий хууль нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд зорилгын хэрэгжүүлэхээр заасан ба боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа насан туршийн суралцахуйг дэмжсэн байх зарчмыг тусгажээ. Энэ хүрээнд насан туршийн суралцахуйн боловсрол олгох, түүнийг удирдан зохион байгуулах чиг үүргийг шууд хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийг багшлах буюу албан бус боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж буй этгээд гэж үзэх үндэслэлтэй.

 

Тус аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлын албан тушаал нь ерөнхий боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн албан тушаалтай дүйцэх буюу эрх зүйн байдлын хувьд эдгээр албан тушаалтантай адил тэгш нийгмийн баталгааг эдлэхээр зохицуулсан тул Насан туршийн суралцахуйн төвийн захирал нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан /ажилласан жилийн/ шаардлага хангагдсан тохиолдолд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах нийгмийн баталгаагаар хангагдах ёстой.

Иймд нэхэмжлэгчид тэтгэмж олгохоос татгалзсан тус аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүйн хууль бус болох тогтоосон тул иргэн А нь төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа алдагдаж, хөдөлмөрлөх, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн тул аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан, нэхэмжлэгч А-д тасралтгүй 3 /гурав/ жил ажилласан тэтгэмжийг хууль, журмын дагуу 30 /гуч/ хоног дотор олгохыг аймгийн Боловсрол газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/18278?daterange=2025-01-01%20-%202025-07-03&id=1&court_cat=3&bb=1

          Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны       

                                             шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа