ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Цахимаар оролцогч нь шүүх хуралдааны журам зөрчвөл торгох шийтгэл оногдуулна
2025-10-16 Админ Хандсан тоо: 8 Хуваалцах
Шийтгэвэр дугаар: 109/ШШ2025/0001
Тоймын огноо, дугаар: 2025 оны 07 дугаар сарын 03
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүхээс нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Г сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон.
Үүнд, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, цахимаар оролцогч нарт хуралдааны танхимд тогтоосон нийтлэг журам, шүүх хуралдааны дэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 82 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам” -ыг шүүх хуралдаанд оролцогч нарт танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Гэтэл уг шүүх хуралдааны үед цахимаар оролцогч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь цахим холбоосоо санаатайгаар тасалж, цахимаар шүүх хуралдаанд оролцох дэгийг зөрчсөн, шүүгчийн туслах нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-тэй удаа дараа холбогдох арга хэмжээ авсан боловч утсаа аваагүй бөгөөд цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанаас буюу системээс гаргахгүй байх журмыг зөрчсөн нь тогтоогдсон.
Улмаар шүүх хуралдаанд оролцогч нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нараас хариуцагчийн итгэмжлэгдэгч төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан үргэлжлүүлэхийг хүсэлт гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д шүүх хуралдаан дуусаагүй байхад сүлжээгээ санаатайгаар тасалж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцоогүй, шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн нь нотлогдсон тул Зөрчлийн туухай хуульд заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа