ҮРЧИЛЖ АВСАН ХҮҮХДЭЭ 11 НАС ХҮРТЭЛ ӨСГӨСӨН НЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХУУЛИЙН ШААРДЛАГАД НИЙЦНЭ
2025-10-10 Админ Хандсан тоо: 20 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 128/ШШ2025/0592 
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн тойм-2025.10.07

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Нэхэмжлэгч С нь “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэсэн шаардлагыг хангасан” гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан ч тус газраас “...С нь 3 хүүхэд төрүүлсэн, харин Г-г үрчилж авсан боловч уг үрчлэлтийг 2022 онд шүүхээс хүчингүй болгосон тул хуулийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр өргөдлийг буцаажээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж маргасан.

            Шүүх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С нь өөрөө 3 хүүхэд төрүүлсэн, мөн Г-г  6 сартайд нь буюу 2010 онд үрчлэн авч улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцох хүртэлх 11 жилийн хугацаанд өсгөн хүмүүжүүлсэн, одоо ч түүний асрамжид байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, 3 хүүхэд төрүүлж улмаар Г-г 6 сартайд нь үрчлэн авч 11 нас хүртэл өсгөн хүмүүжүүлсэн нь хуулийн “...үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн” гэх шаардлагад нийцсэн, хожим “үрчлэлтийг шүүх хүчингүйд тооцсон” нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах...хүүхэд төрүүлэх, асрах...тохиолдолд эд, мөнгөний тусламж авах” иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/19205?daterange=2025-01-01%20-%202025-10-07&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дуламсүрэн