ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон бол төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно
2025-10-09 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 112/ШШ2025/0021
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Тоймын огноо, дугаар: №04, 2025.08.15
Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Нэхэмжлэгч Б.С нь Гуулин багийн ИНХ-ийн хуралдаан даргалагч Г.Д-д холбогдуулан Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргаар Б.С-г томилуулах тогтоол гаргахыг даалгахаар шүүхэд маргасан.
Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшиж иргэдээс 54 хувийн санал авсан С.Н-г багийн Засаг даргаар сонгосугай гэсэн Дэлгэр сумын Гуулин багийн тогтоол гарсан.
Нэхэмжлэгчээс: Ялгүй байх гэсэн хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэн, хууль зөрчиж багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль бус үйлдэл гэж маргадаг. Нэр дэвшигч С.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байна.
Түүнчлэн С.Н нь 2024 оны 07 дугаар сарын 18-наас 1 жилийн хугацаагаар эрх хасах ялаар шийтгүүлсэн байх хугацаанд Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргад нэр дэвшиж ялалт байгуулсан нь багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөр нэхэмжлэгч Б.С-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага болохын хувьд тухайн багийн иргэдийн оролцоог хангах, төлөөллийн зарчмаар хуралдаж, хэлэлцсэн асуудлаар хуралдаан оролцсон иргэдийн олонхын саналаар баталдаг бодит чадвартай байхыг ойлгоно. Иймд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргаар нэхэмжлэгч Б.С-г томилуулах тогтоол гаргах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргаар Б.С-г томилуулах тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах